Энгийнээр тайлбарлах юм бол Христэд итгэгчдийн дунд ч гэсэн маш олон янзын уламжлалууд болон эрхэмлэх зүйлс гэж байдаг. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дуртай. Христэд итгэгчдийн хувьд мөн адил. Хүмүүс чуулганыг ихэвчлэн хувийн сонголт, хувийн итгэл үнэмшил, гэр бүлийн холбоо, зугаа цэнгэл, эсвэл зүгээр л тав тухтай байдлаас шалтгаалан сонгодог. Тэд хувийн шалтгаанаар чуулганыг сонгож байгаа цагт үргэлж олон янзын чуулганууд олон янзын зүйлсийг зааж байдаг. Өнгөц харахад, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үг маш гайхалтай сонсогддог. Харамсалтай нь, тоо томшгүй олон чуулганууд Бурханы эсвэл Христийн нэрийг барьж хүссэн бүхнээ хийдэг нь эцэстээ Түүний нэрийг гутаан доромжилж байгаа хэрэг юм. Гадны ажиглагчид зөрчилдөж буй байдлыг амархан анзаардаг. Өнөөгийн дэлхий дээрх Есүсийн эрх мэдэлд эргэлзэгч эдгээр хүмүүс "Бурханы хүмүүс гэж хэн бэ?" хэмээн гайхацгаадаг.
Бид эхлээд нэр томьёогоо зөв тодорхойлсноор энэ төөрөгдлөөс ангижрах боломжтой. Өнөө үед англи хэлний "чуулган" гэдэг үг нь үүнтэй холбоотой өргөн хүрээний утгуудыг агуулж байдаг. Тухайлбал, "урсгал чиглэл", "цуглаан", "хүндэтгэл өргөх газар" гэх мэт. Гэсэн хэдий ч Библи анх бичигдэх үед чуулган гэдэг үг нь өөр утгатай байв. Энэ нь Грекийн "ekklesia" гэсэн үгнээс гаралтай бөгөөд үгчилж орчуулбал "хурал цуглаан" гэсэн утгатай. Үндсэндээ Библид энэ үг нь хэсэг бүлэг хүмүүст л хамааралтай байсан. Эртний Грект энэ үг нь засгийн газрын төлөөллийн хэлбэр зэрэгт "хурал цуглаанд үйлчлэхээр дуудагдах" гэсэн санааг агуулдаг байсан. Цаашилбал, Библид энэ үгээр тодорхой бүлэг хүмүүсийг буюу Бурханы ард түмэн, Христэд итгэгчдийг тодорхойлж хэлдэг. Өөрөөр хэлбэл, чуулган бол Христэд итгэгчид, Христэд итгэгчид бол чуулган юм. Заримдаа чуулган гэж ганц тоон дээр Христэд итгэгчдийг бүхэлд нь хэлж болдог. Бусад үед олон тоон дээр хэрэглэх тохиолдолд олон хот дахь олон чуулгануудыг хамааруулж авч үздэг. Гэхдээ үүнийг өнөөгийн бидний хэрэглэж байгаа нэг хотод олон урсгал чиглэлүүд олон янзын үйл ажиллагаа явуулах зэрэг утгаар хэрэглэдэггүй байсан. Библи бичигдсэн цаг үед бол ингэж хэрэглэх нь тэрсүүд зүйл болох байсан! Чуулган гэдэг нь энгийнээр бол Есүс Христ болон Элч нарын заасан сургаалыг хэрэгжүүлдэг Христэд итгэгчид байсан. [1]
Цаг хугацаа өнгөрөх тусам Христийн шашны урсгалууд хөгжиж байв. Жишээлбэл, Католик Сүм Библийн бичээсүүдийг дагахаа больж, оронд нь Пап ламд (Пап ламын алба) итгэл, үйл ажиллагааны эрх мэдлээ шилжүүлсэн. Аз болоход, Католик сүмийг Библийн сургаалаас татгалзсаных нь төлөө эсэргүүцэж байсан дундад зууны шинэчлэгч нар итгэл хийгээд үйлсийнхээ төлөө Библийн эрх мэдэл рүү дахин ирсэн. Энэ нь зөв замруугаа эргэсэн алхам байсан бөгөөд тэр үед дуртай Шинэчлэгчийнхээ сургаалд үнэнч байсан олон урсгал чиглэлүүд мөн хөгжсөн. Эдгээр урсгал чиглэлүүд нь өнөөгийн манай шашны томоохон бүлгүүдийг (Лютеран, Пресбитериан гэх мэт) бүрдүүлдэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд барууны ертөнцийн ихэнх хэсэг нь үнэн гэдэг бол зөвхөн хувь хүн болон түүний хувийн туршлагад л бодитойгоор оршин байдаг гэсэн үндсэн зарчмыг баримталснаар энэ хуваагдал улам бүр тод томруун болов. Энэ санаа нь хүн бүр өөрийн туршлага, сонголтон дээр тулгуурлан зөв, бурууг өөрсдийнхөөрөө харилцан адилгүй тайлбарладаг гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг, энэ нь Библийн цорын ганц, жинхэнэ чуулган байх ёсгүй гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Улмаар Христ итгэлт гэж зарладаг шашны бүлгүүдийн тоо нэмэгдсээр байна. Энгийн шалтгаан нь хүмүүс Есүс Христ болон Элч нараар дамжуулан Библид бичигдсэн үндсэн бөгөөд тодорхой эрх мэдлээс татгалзсантай холбоотой юм. Ингэснээр хүн бүр өөрсдийнхөө зүрх сэтгэлийг жолоодон чиглүүлэгч нь болсон юм.
Сургаалт үгс 16:25-д "Хүнд зөв мэт санагдавч Төгсгөл нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг." Энэ нь бидний зам буруу байж магадгүй гэсэн үг юм. Бид илүү дээгүүрх эрх мэдэл рүү хараагаа чиглүүлэх хэрэгтэй. Зөвхөн Есүс Христ л чуулганы хил хязгаар, доторх үйл ажиллагааг тодорхойлж чадна. Матай 16:18-д Есүс: "Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй." Чуулган бол онцгой юм. Есүс зөвхөн нэг чуулганыг барих байсан. Колоссай 1:18-д Есүс бол чуулганы тэргүүн гэж хэлдэг. Дахин хэлэхэд чуулган бол онцгой юм. Есүс Өөрийн цорын ганц чуулганыг удирдах байсан. Ефес 4:5-д нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм байдаг гэж хэлсэн. Хэдийгээр чуулган гэдэг үгийг энд ашиглаагүй ч ерөнхийд нь итгэл гэдэг үг нь эртний чуулганд сургаал нь Есүс болон Элч нараар дамжуулан заагддаг байсан тэр тогтолцоог хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг л Багш, нэг л сургаалтай. Есүс зөвшөөрөгдсөн арга замаар Бурханд хүндэтгэлийг өргөөгүй самари эмэгтэйд хандан "Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. (Иохан 4:24). Самаричууд өөрсдийн гараар бүтээсэн уламжлалынхаа дагуу Бурханд хүндэтгэлийг өргөж ирсэн түүхтэйг мэддэг учраас Есүс биднийг үнэнээр хүндэтгэл өргөх ёстой гэж хэлсэн. Есүсийн "жинхэнэ хүндэтгэл" гэдэг бол орчин үеийн "өөрөө зөв гэж тодорхойлсон юунд ч байсан хүндэтгэл өргө" гэх үзлийг шууд эсэргүүцдэг.
Тиймээс бид Христэд итгэгч гэж өөрийгөө тодорхойлсон хүн бүр Христийн цорын ганц жинхэнэ чуулганы нэг хэсэг биш гэсэн дүгнэлтэд хүрэх ёстой. Харамсалтай нь Христ хүн бүрийг хүлээн авдаггүй. Матай 7:20–21-д "Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина. Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” гэж айлдсан. Энэ нь бидний итгэл болоод үйлсийн маань мөн чанар нь биднийг зөв чуулганд байгаа эсэхийг тодорхойлдог гэсэн үг юм. Тиймээс хүний гараар байгуулсан чуулган нь бидний зөв итгэл үнэмшил болон үйлсийг тодорхойлж чадахгүй.
Тэгвэл биднийг зөв чуулганд оруулдаг зөв итгэл, зөв үйлсийг бид хэрхэн мэдэх вэ? Үүний хариултыг бид Библид байдаг Есүс Христ болон Түүний Элч нарын сургаалаас өөр зүйлээс хайх хэрэггүй. Матай 28:18–19-д “Есүс ойртон ирээд тэдэнд -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнүүдийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж.." гэж Есүс элч нарт хэлэв. Үйлс 1:8-д "Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв." Элч нар Есүсийн төлөөлөгчийн хувиар Ариун Сүнсний илчлэлтийн хүчийг хүлээн авч, анхны сүмд үнэнийг илчлэх болно. Ефес 2:19–20-д “Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Та нар элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангын чулуу нь ажээ." 2 Петр 1:20–21-д: "Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ." Тиймээс, Библи нь эрх мэдэл хийгээд сургаалын хэлхээг тодорхой болгодог - Есүс, Ариун Сүнс, эцэст нь Шинэ Гэрээг бичсэн Төлөөлөгчид болон эш үзүүлэгчид. Бурхан өнөөдөр иш үзүүлэгчдээр дамжуулан бидэнтэй ярихаа больсон (1 Кор 13:8–10) учраас хэрэв бид зөв чуулганыг олохыг хүсвэл үүнийг Библи дэх Бурханы илчлэлттэй харьцуулан харах хэрэгтэй. Ирээдүйд Библийн үгийг ямар нэг байдлаар нэмж засварлах эсвэл худал хуурмаг зүйл шинээр зохиох зэрэг нь хуваагдмал байдлыг бий болгоно.
Есүс загалмайд цовдлогдохоосоо өмнө хийсэн сүүлчийн залбирлуудын нэг нь Түүний шавь нар үнэнд нэгдмэл хэвээр байх болно гэсэн юм (Иохан 17:17–21). Хэрэв Есүсийн шавь нар нэг үнэн дор нэгдсэн бол илүү олон хүн Түүн дээр ирнэ гэдгийг Есүс мэдэж байсан учраас ийнхүү залбирсан. Өнөөдөр бид хүндэтгэл мөргөл, чуулганы зохион байгуулалтад өөрсдийн уламжлал, давуу талаа дагаж, эв нэгдлийг алдагдуулах замаар Бурханыг гутаан доромжилж байна. Бид нэгдмэл байж, дэлхий дээр Христийг алдаршуулж чадах цорын ганц арга зам бол чуулган ямар байх ёстойг заах удирдамжыг зөвхөн Судараас хайх явдал юм. Библи дээрх чуулган бол өнөөгийн хамгийн сайн чуулган юм.
Та алийг нь дагахыг хүсэж байна вэ— хүний бий болгосон уламжлал, сонголтууд— эсвэл үнэний цорын ганц эх сурвалж болох Библи? Хэрэв танд өөрийн амьдарч буй газартаа Библи, зөвхөн Библийг заадаг зөв чуулганыг олоход тусламж хэрэгтэй бол бид танд туслахдаа баяртай байх болно. Түүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид, үнэнийг олох болно гэж Тэр бидэнд заасан учраас та Их Эзэнээс удирдамж гуйна гэж бид найдаж байна (Матай 7:7–11; 1 Тим 2:4). Үүний зэрэгцээ, та бас шаргуу эрэл хайгуул хийх хэрэгтэй бөгөөд бүү шийдвэр гарга. Бидэнтэй фэйсбүүк, инстаграм хуудсаар холбогдоорой, бид танай нутагт Христийн жинхэнэ чуулганыг олоход туслахдаа баяртай байх болно.
[1]. Moisés Silva, “ἐκκλησία,” NIDNTT, Grand Rapids: Zondervan, 2014.